Нөлөөллийн уулзалт зохион байгууллаа

         2018 оныг “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх” жил болгон зарлаж хүн амын эрүүл мэндэд гол тулгамдаж буй асуудлууд болох сүрьеэ , бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах талаар  онцгойлон анхаарч аймгийн ЭЗНХ үндсэн чиглэлд тодорхой хөрөнгийн эх үүсвэрүүдийг баталсан билээ. Тухайлбал: аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 9 дүгээр хуралдаанаар “Сүрьеэ өвчнийг бууруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж энэхүү багц ажилд 50 сая төгрөг баталсан байна. 2017 оны байдлаар аймгийн хэмжээнд халдварт өвчний 2915 тохиолдол бүртгэгдсэн буюу 10000 хүн амд 378 промилл байгаа бөгөөд сүрьеэ өвчин нийт халдварт өвчний 4,2 хувийг эзэлж байна. Сүрьеэгийн өвчлөл 2017 оны байдлаар 123 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 16 промилл байгаа нь сүрьеэгийн тархалт манай аймагт улс аймгийн дундажаас өндөр байгааг илтгэж байгаа юм.

       2018 оны 9 дүгээр сард Нью-Иорк хотноо хуралдсан НҮБ-ын 73 дугаар ерөнхий ассамбле сүрьеэгийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэж тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үүнд дан ганц эрүүл мэндийн салбараас гадна улс төрчдийн оролцоо дэмжлэг чухлыг онцгойлон хэлэлцэж улс төрийн тунхаглал гаргасан байна.

        Мөн Монгол Улсын ерөнхий сайдын дэмжлэг санаачлагаар “Сүрьеэгүй Монгол” болох зорилтыг дэвшүүлж УИХ-д “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг байгуулагдаж улс төрчдийн дэмжлэг бий болжээ.

        Бид сүрьеэгийн тархалтыг бууруулж тогтвортой хөгжлийн зорилтыг ханган биелүүлэхийн төлөө аймаг, орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Сүрьеэгүй Дорнод” нөлөөллийн уулзалт, зөвлөгөөнийг ХӨСҮТ-ийн СТСА-тай хамтран амжилттай зохион байгууллаа.