Дэлхийн жишигт нийцсэн вакум хагалгааны өрөөтэй боллоо

      Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарласан. Эрүүл мэндийн яамнаас салбарын хэмжээнд “Инээмсэглэл-эерэг  хандлага” уриан дор 8 зорилт дэвшүүлэн ажиллахаар болсон.

    Дорнод аймгийн эрүүл мэндийн салбар нь “Эрүүл мэндийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх” жил, БОЭТөв нь “Харилцаа хандлагыг эрхэмлэх жил” болгон зарласан бөгөөд энэхүү зорилтод жилийн нээлтэд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дэмжлэгтэйгээр улсын төсвийн 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-ийн мэс заслын хагалгааны өрөөг олон улсын стандартад нийцсэн вакумжуулан засварласан томоохон дэвшилтэд үйл ажиллагаагаар нээлтээ хийлээ.

 

      Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, БОЭТ-ийн захирал Д.Должин, ЭМГ-ын болон Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд эмч ажилтнуудын төлөөлөл, иргэд оролцлоо.

       Дорнод аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төв хөдөө, орон нутаг дахь улсын эмнэлгүүдээс анх удаа дэлхийн жишигт нийцсэн вакум хагалгааны өрөөтэй болж байгаа юм. Ингэснээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдал баталгаатай, сэтгэл хангалуун үйлчлүүлэх нөхцөл бүрдлээ.

    Мэс заслын ариутгал, халдваргүйжүүлэлтийг иж бүрэн хангаж, хагалгааны дараах хүндрэл, эрсдэлээс бүхэн сэргийлэх вакум хагалгааны өрөөний гүйцэтгэгчээр өмнө нь улсын 1, 2, 3 дугаар эмнэлэг, нэгдүгээр төрөх эмнэлэгт вакум хагалгааны тасаг байгуулж байсан туршлагатай “Л2” компани ажиллажээ.

    Олон улсын өндөр зэрэглэлийн мэс заслын эмнэлгүүдэд вакум хагалгааны өрөө зайлшгүй байх шаардлагатай гэсэн шалгуур үзүүлэлт тавигддаг байна.

       Мөн Азийн хөгжлийн банкны төслөөр ариутгал микро биологийн лабораторийг шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд ингэснээр мэс засал, ажилбарт үйлчилгээний аюулгүй байдал, Европ стандартыг хангасан үйлчилгээг Дорнод аймгийн БОЭТ нэвтрүүлэх ийм боломж нээгдлээ.

    “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” зорилтод жилийн хүрээнд үйлчлүүлэгч нар БОЭТ аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн шинэ тоног төхөөрөмжүүд болох хэвлийн эхо, зүрхний эхо, булчингийн цахилгаан бичлэгийн аппарат, тархины судасны оношилгоогоор иргэдийг энэ өдөр үнэ төлбөргүй, цаг товлолгүйгээр үйлчлүүлж байлаа.