Хүүхдийн чих, хамар, хоолойн үзлэг, эмчилгээний кабинеттай боллоо

      Дорнод аймгийн орон нутгийн хөгжлийн сан, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх төслөөс нийт 60 сая төгрөгийн санхүүжилтээр БОЭТ-ийн хүүхдийн тасгийн дэргэд чих, хамар хоолойн эмчийн үзлэг, эмчилгээний кабинетыг шинээр байгуулснаар хүүхдийн амбулаторийн тусламж үйлчилгээг төрөлжүүлэн үзүүлэх эхлэл тавигдлаа. Энэхүү кабинет байгуулагдсанаар хүүхдүүдийн дунд элбэг тохиолддог чих, хамар хоолойн өвчин эмгэгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмж, чанар сайжрах юм.

     Тухайлбал томуугийн улирлын үед хүүхдийн тасаг, амбулаториор үйлчлүүлж буй хүүхдүүдийн 70-аас доошгүй хувьд чих, хамар хоолойн эмчийн үзлэг, эмчилгээ шаардлагатай байдаг хэдий ч тухайн тасгаас нэлээд зайтай орших амбулаторид очиж тусламж үйлчилгээ авдаг нь өвчилсөн хүүхдүүдэд хүндрэл, бэрхшээлтэй байгаа талаар эцэг эхчүүдээс гарч буй гомдол, саналыг аймгийн хүүхдийн  төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээн авч санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн тул сүүлийн 4 сарын туршид өрөө тасалгааны зохицуулалт хийж стандартын дагуу засварлах, тохижуулах, чих, хамар хоолойн эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт хийх зэрэг ажлыг зохион байгуулснаар бэрхшээлтэй байсан дээрхи асуудал бүрэн шийдвэрлэгдлээ.

        БОЭТ нь хүүхдэд үзүүлэх тусламжийг төрөлжүүлэн өргөжүүлэх зорилгоор 2017-2019 онд хүүхдийн чих, хамар хоолойн эмч, эмчилгээний сувилагч, хүүхдийн мэдээгүйжүүлгийн эмчийг тусгайлан сургаж, мэргэшүүлсэн бөгөөд одоо хүүхдийн мэс заслын эмчийг мэргэшүүлэхээр суралцуулж байна.

    Цаашид хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, хүлээгдлийг буруулах талаар бодлогын түвшинд анхаарч ажиллана.

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА