Тайлангийн хурлаа зохион байгууллаа

      Бид хэрэглэгчээ дээдэлсэн , өндөр чадавхитай эмнэлэг болох алсын хараатай, Иргэн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг инээмсэглэл-эелдэг харилцаа уриатайгаар ажиллалаа.

    БОЭТ-ийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан байгууллагынхаа 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх 7 хүрээний төвшинд 120 ажлыг төлөвлөн биелэлтийг 96.7 хувиар ханган гүйцэтгэжээ.

     Энэ онд 8 алба, 22 тасгийн зохион байгуулалттайгаар 500 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явууллаа. Их эмч 104 бөгөөд бүгд үндсэн мэргэжил эзэмшсэн, харин эдгээрийн 48.6% нь төрөлжсөн мэргэжил эзэмшжээ. Сувилагч тусгай мэргэжилтэн 247 ажиллаж байна. Сувилагчдын 34.7% нь төрөлжсөн мэргэжлээр мэргэшин тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нийт эмч, сувилагч, тусгай мэргэжилтний нь 32.7% мэргэжлийн зэрэгтэй, 9,8% нь магистр зэрэг хамгаалжээ. Мэдээллийн технологийн инженер 2, тоног төхөөрөмжийн инженер 2, дэмжих үйлчилгээний 127 ажилтантайгаар  үйл ажиллагаагаа явуулсан байна.

       Иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй, аюулгүй байдлыг ханган хүргэж шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэн мэс заслын тусламжийн төрлийг нэмэгдүүлэх, чанар сайжруулах үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэн ээлтэй орчныг бүрдүүлэн ажиллах, иргэдээс хамгийн олон талархал хүлээсэн амжилтаараа Мэс заслын тасгийн хамт олон 2019 оны “ШИЛДЭГ ОРТОЙ ТАСАГ”-аар шалгарав.

       Эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцлийг бүрдүүлж багаж хэрэгслийн ариутгал, халдваргүйтгэл, угаалгын үйл ажиллагааг шинэ мэдлэгт суурилан олон улсын стандартын дагуу чанартай үзүүлсэн амжилтаараа Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн хамт олон 2019 оны “ШИЛДЭГ ОРГҮЙ  ТАСАГ”-аар шалгарчээ.

     Чанарыг эрхэмлэгч хамт олноор Амбулатори, Бүтээлч хамт олноор Мэдрэлийн тасгууд шалгарлаа.

      Оны шилдэг менежерээр Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Энхчимэг, Шилдэг эмчээр мэдрэлийн тасгийн эрхлэгч эмч М.Жигжидсүрэн, Шилдэг сувилагчаар дотрын тасгийн ахлах сувилагч Д.Сарантуяа, Шилдэг тусгай мэргэжилтнээр сүрьеэгийн тасгийн амбулаорын бага эмч Б.Оюунцэцэг, Шилдэг үйлчилгээний ажилтнаар үйлчилгээний багийн ахлах М.Нарантуул, Шилдэг дэмжих үйлчилгээний ажилтнаар тогооч Д.Саялхам нар хийж бүтээсэн ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан тэргүүлж оны шилдэгээр шалгарчээ.

Шинэ мэдлэг, бүтээлч санаа санаачлагыг дэмжин ажиллах үүднээс захирлын нэрэмжит “Инновацын эзэд” шагналын 2 дахь удаагийн эздээр мэс заслын тусламж үйлчилгээнд шинэ технологийг нэвтрүүлсэн амжилтаараа Нүдний тасгийн хамт олон шалгарчээ.

МУ-ын Хүний гавьяат эмч Г.Хүрэлбаатарын нэрэмжит “Ёс зүйг дээдлэгч эмч”-ээр сүрьеэгийн тасгийн эмч Д. Адъяаням, Рэнцэнхүү сангийн нэрэмжит “Шинэ санаа-Шилдэг инноваци” шагналын эзнээр гэмтлийн мэс заслын эмч Т.Энхтулга нар тодорлоо. Мөн гэмтлийн мэс заслын тусламж үйлчилгээнд олон шинэ технологиудыг нэвтрүүлэн байгууллагын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг ханган ажиллахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн гэмтлийн мэс заслын их эмч Т.Энхтулгад талархал хадгалууллаа.

 Улиран одож буй оныхоо амжилт бүтээлээ хамтаараа хэлэлцэж, байгууллагын азтангуудаа тодруулан хийж бүтээсэн ажлынхаа тайланг аймгийн удирдлагууд, ЭМГ-ын даргад  танилцуулан 2020 оны тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон тайлангийн хурлаа бид амжилттай зохион байгууллаа.