Цаг үеийн мэдээлэл

      Коронавируст ( COVID-19) халдвар 2019 оны 12 дугаар сараас эхлэн БНХАУ-д бүртгэгдэж эхэлсэн бөгөөд  2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн халдвар гарсан бүс нутагт аялсан, суралцдаг, суурьшин амьдарч байсан гэсэн өгүүлэмжтэй 56 иргэнийг сэжигтэй болон тусгаарлан ажиглах байдлаар хяналтад авч холбогдох арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирлээ.

       Өнөөдрийн байдлаар манай аймгийн Эрээнцав, Ульхан боомтоор ОХУ-аас орж ирсэн Монгол улсын 28 иргэнийг БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлан тандалт судалгаа, эмчийн үзлэг хийж ажиглалтад аваад байгаагийн зэрэгцээ тэдгээр иргэдийн тээврийн хэрэгсэл, ачаа тээшийг бүрэн халдваргүйжүүлж ажилласан бөгөөд сэжигтэй гэсэн ангилалд бүртгэгдсэн хүн байхгүй байна.

      УОК-ын шуурхай штабаас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд тусгаарлах байранд байрлах зардлыг иргэдээр төлүүлэх талаар аймгийн Онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу 1 хоногийн төлбөрийн хэмжээг 12 хүртэлх насны хүүхдэд 15000 төгрөгөөр, түүнээс дээш насанд 25000 төгрөгөөр тооцож авахаар тогтоосон болно. Энэхүү төлбөрт өдөрт 3 төрлийн хоол, 3 төрлийн халуун ундаар үйлчлэх ( өглөөний цай, бага үдийн болон үдийн дараах халуун унд, өдөр оройны хоол) материалын бодит зардлыг тооцсоны дээр ахуйн хэрэглээний зарим зүйлсийн өртөгийг оруулсан болно.

       Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдэд ахуйн хэрэглээний шаардлагатай эд зүйлсийг зөвхөн мягмар гарагийн 17:30-18:30 цагийн хооронд эргэлтээр гаднаас оруулж байна.

      Тусгаарлан ажиглах байранд 1 их эмч, 1 сувилагч, 2 үйлчлэгч, 1 ариутгагч нийт 5 эмнэлгийн мэргэжилтэн тэдгээр иргэдтэй хамт 14 хоногоор тусгаарлагдан шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэл, хяналтыг хийж байна.

        Улсын онцгой комиссоос өгч байгаа чиглэл, гамшиг ослын үед ажиллах цагдаагийн байгууллагын үндсэн үүргийн  дагуу тусгаарлан ажиглах байрны үүдэнд цагдаагийн пост 24 цагаар ажиллаж байна.

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА