Гэмтэл, мэс засалд шинэ технологи нэвтэрсээр байна

      Мэс заслын тасаг нь Олон улсын стандартад нийцсэн вакум хагалгааны өрөөтэй болсон тул тусламж үйлчилгээндээ шинэ технологийг нэвтрүүлэх талаар онцгойлон анхаарч эмч, мэргэжилтнүүдээ чадавхижуулах, мэргэшүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж байна.

       УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд хүсэлт тавьсны үндсэн дээр 2020 оны улсын төсөвт 200 сая төгрөгийг тусгуулснаар хүзүү, нурууны хугарлыг бэхлэх мэс заслын багажны иж бүрдэл, өвдөг, түнхний үе солих суурь багаж манай эмнэлэгт нийлүүлэгдэж байна.

     Энэхүү багаж төхөөрөмжтэй болсноор орон нутагтаа хүзүү, нурууны хугарал, мултралын үеийн мэс засал, нурууны нугаламын шахагдал, суултын мэс заслыг хийж, нурууны хиймэл жийргэвч суулгах, доод мөчдийн хугарлыг бэхлэх, элэг цөсний мэс засал хийх, өвдөг, түнхний үе солих боломжууд бүрдэж байна.

        Ингэснээр дээрхи мэс заслуудыг хийлгэхээр өвчтөн Улаанбаатар хот руу явахад түүний ар гэр, асран хамгаалагчид дагалдан явснаар орон зай, цаг хугацаа, эдийн засгийн хувьд гардаг хүндрэлтэй байдлыг зогсоох, улмаар гэмтэл согогийн тусламж үйлчилгээг бүсчлэн хөгжүүлэх зорилготой юм.