Хөдөлгөөнд тэсвэртэй пульсоксиметрийг ашиглан илрүүлэг шинжилгээ хийж эхэлнэ

     ДЭМБ-ын шинжээчдийн 7 хоног хүртэлх настай нярай хүүхдийн дунд хийсэн судалгаагаар нийт гаж хөгжлийн дотор зүрхний төрөлхийн гажиг 1 дүгээр байрт бичигджээ. Ө. Оюунчимэг нарын 2005-2007 онд ЭХЭМҮТ-д хийсэн судалгаагаар гаж хөгжилтэй нярай хүүхдийн 28.7% -ийг зүрхний төрөлхийн гажиг эзэлж байна. Т.Болормаа нарын судлаачдын 2012-2013 онд нярайн амьдралын эхний 6-48 цагийн дотор зүрхний хэт авиан шинжилгээнд тулгуурлан хийсэн тандалт судалгаагаар зүрхний төрөлхийн гажиг нь нийт амьд төрсөн нярайн 2,42%-д нь ононшлогдсон ба үүний 10%-ийг зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг эзэлж байжээ.

     Нярай үед тохиолдох өндөр эрсдэлтэй зүрхний төрөлхийн гажигийг эрт оношлох чиглэлд дэлхийн олон улс орнуудад пульс-оксиметрийн тандалтын аргыг хэрэглэж байгаа бөгөөд 2011 оноос Азийн орнуудад ашиглах болжээ. Манай улсын хувьд 2016 оноос ЭХЭМҮТ, Өргөө амаржих газруудад хэрэглэж эхэлсэн. Нярайн зүрхний төрөлхийн зарим гажгийг эрт илрүүснээр эмчилгээний асуудлыг зөв шийдвэрлэхэд чухал үүрэгтэй.

      Пульс-оксиметрийн тандалтын шинжилгээ нь нярайн цусан дахь хүчилтөрөгчийн хангалтыг тодорхойлох хүүхдэд өвдөлт мэдрүүлэхгүй, тусгай орчин нөхцөл шаардахгүй энгийн, аюулгүй, хяналтын арга юм.

      Энэхүү илрүүлэг шинжилгээний аргыг нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмрийг оруулан 10 сая төгрөгийн өртөг бүхий  хөдөлгөөнд тэсвэртэй пульс-оксиметрийг бэлэглэсэн ЭХЭМҮТ-ийн ЗСХЭЭСТ-ийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Т.Болормаа  танд ТАЛАРХАЛ  илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.