ДОРНОД АЙМГИЙН БОЭТ-ИЙН ЗАХИРГАА, ҮЭ-ИЙН ХОРОО ХООРОНД БАЙГУУЛСАН 2021-2022 ОНЫ ХАМТЫН ГЭРЭЭ

 Нэг. Нийтлэг үндэслэл

 

Хамтын гэрээний зорилго:

  • Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалж баталгаажуулахад оршино.
  • Хамтын гэрээ нь ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах хууль эрхийн баримт бичиг мөн.
  • Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, ҮЭ-ийн эрхийн тухай хууль бусад хууль тогтоомжуудыг эрх зүйн үндэс болгон хөдөлмөрийн харилцаа түүнтэй холбогдсон нийгэм эдийн засгийн бодлогын асуудлаар үндсэн зарчмуудыг тохиролцон гэрээний биелэлтэд хууль зүйн дагуу хяналт тавих зорилгоор хэрэгжүүлэхэд оршино.
  • Хамтын гэрээгээр ҮЭ-ийн гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон Хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулагдаагүй харилцааг зохицуулна.
  • Энэхүү хамтын гэрээ нь ҮЭ-д эвлэлдэн нэгдсэн гишүүдэд үйлчилнэ.
  • Хамтын гэрээний зохицуулалтыг өмнөх хүрсэн түвшингээс бууруулахгүйгээр ажиллана.

 

Захиргааны хүлээх үүрэг

 Хоёр. Ажил эрхлэлтийн талаар:

 

  • Захиргаа нь бөөнөөр орон тоо цомхотгох, бүтцийн өөрчлөлт хийх үед ҮЭ-ийн хороонд мэдэгдэж ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчдийг байлцуулан зөвшилцөн шийдвэрлэж байна.
  • Ажлаас халагдсан ажилтанд халагдсан шалтгааныг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 1 сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.

А. Ажилтан нь байгууллага болон түүний нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн шалтгаанаар ажлаас халагдсан бол 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.

Б. Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол 2 сар ба түүнээс дээш сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

  • Ажлын байрыг олноор цөөрүүлэх, орон тоо, бүтэц , зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 3 жил хүртэл хугацаа дутуу байгаа ажилтнуудыг цомхотголд хамруулахгүй бөгөөд хэрэв тухайн ажлын байр нь зайлшгүй цомхотголд орсон тохиолдолд урд авч байсан цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийг бууруулахгүйгээр өөр ажлаар хангана.
  • “Биеэр амраах” гэж илүү цагаар болон шөнийн цагаар ажилласан ажилтантай тохиролцсноор тухайн жилдээ багтаан тохиромжтой үед нь амраана.

Гурав. Хөдөлмөрийн хөлсний талаар:

 

  • Засгийн газрын тогтоол бусад хууль тогтоомж актын дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан нарын хөдөлмөрийн хөлсийг олгох ба цалин хөлсийг үндэслэлгүй сүлжээнээс доош бууруулахгүй байна. Хөдөлмөрийн хөлсний өөрчлөлтийг тухай бүрд нь шинэчлэх асуудлыг захиргаа шийдвэрлэж байна.
  • Гемодиалезын эмчилгээний сувилагчдын үндсэн цалинг ажлын ачаалал, нөхцөл, ур чадвар, мэргэшил зэргийг үндэслэн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийн ТҮЭМ-ийн 4-р зэрэглэлээр цалин хөлсийг олгох.
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд ажиллуулсан тохиолдолд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийн аль өндрөөр тооцож үндсэн цалинг тооцож олгох.
  • Эмнэлгийн мэргэжилтэнд олгох мэргэшлийн зэргийн нэмэгдлийг Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ны 382 тоот тогтоолыг үндэслэн мэргэшлийн зэрэг баталгаажсан үед доорх хувиар олгоно.

     А. Зөвлөх зэрэг үндсэн цалингийн 20 хувь

     Б. Тэргүүлэх зэрэг үндсэн цалингийн 15 хувь

     В. Ахлах зэрэг үндсэн цалингийн 10 хувь

  • Ажлын цагаар болон ажлын бус цагаар өөрийн байгууллагад өөр ажил хавсран, хослон гүйцэтгэхэд нь ажлын ачаалал, гүйцэтгэл, үр дүнг харгалзан үндсэн цалингийн 40 хүртэлх хувиар цалин хөлсийг нэмэгдүүлэн олгоно.
  • Хавсран, хослон ажилласан тохиолдолд хавсран, хослон ажилласан гарааны  илүү цагийн хөлсийг хавсран хослон ажилласаны хувиар бодож олгоно.
  • Ажилтнуудын хөдөлмөрийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар сард 2 удаа олгох буюу сар бүрийн 15, 28-нд олгоно. Олгоогүй тохиолдолд аль буруутай байгууллагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т заасны дагуу алданги 0.3%-иар тооцуулна.
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт зааснаар нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 2.0 дахин нэмэгдүүлж олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар илүү цагаар болон 7 хоногийн амралтын өдөр ажилласан ажилтаныг нөхөн амруулаагүй бол 1.7 дахинаар бодож олгоно. Өдрийн ажилтай ажилтнууд байгууллагын шаардлагаар илүү цагаар ажилласан тохиолдолд энэ заалт хамаарна.
  • БОЭТөвд ажилладаг цусны сайн дурын авлагагүй донорт улирал тутамд үндсэн цалингийн 10%-тай тэнцэх мөнгөн урамшуулал олгоно.

3.10 БОЭТөвд ажилладаг спортын мастер цолтой ажилтнуудад МУ-ын Биеийн                            тамирын хуулийг үндэслэл болгон жилд нэг удаа үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал олгоно.

  • Жолооч нарын жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг 100% байгуулага

хариуцан  төлнө.

  • Гамшиг болон аюул үүссэн, олон улсын хөл хориот өвчний үед, хүндэтгэн үзэх           бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд шалтгааныг харгалзан үндсэн цалингийн 50-100 хувиар бодож олгоно.
  • Ахлах тогооч нарын цалинг албан тушаалын шатлалыг ахиулан олгоно.
  • Ахмадын хорооны даргад улирал тутам 100000 төгрөгийн мөнгөн урамшуулал        олгоно.

Дөрөв. Нийгэм ахуйн хөнгөлөлтийн талаар:

  • Үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын 2019 оны 193 тогтоолын хавсралт Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийн 3.5-ыг үндэслэн ажилтнууддаа зориулж, орон сууцны жишиг хотхон, хорооллыг барьж, байгуулахад газар, дэд бүтцийн хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн засаг, захиргааны байгууллага, бусад төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудаас дэмжлэг авч,  хамтран ажиллана.
  • Улаанбаатар хотын 3 дахь шатлалын эмнэлэгт эмчийн заалтаар 13А маягтаар онош тодруулсан, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тухайн хүний биеийн байдлыг харгалзан хүнд, хүндэвтэр, маш хүнд гэсэн тохиолдолд жилд 1 удаа 100000 төгрөг олгоно.
  • Хол нутгийн ажилтан /700-аас дээш км/ ээлжийн амралтаа аваад нутаг явахад нь 2 жилд 1 удаа машины зардлыг олгоно.
  • Шинээр гэр бүл бологсдод болон шинээр хүүхэд мэндэлсэн тохиолдолд эцэгт нь 7 хоногийн цалинтай чөлөө олгоно. Дээрхи заалтад үрчлэн авсан эх, эцэгт нэгэн адил хамаарна.
  • Байгууллагын нэрийн өмнөөс улс, аймгийн чанартай спорт, урлаг, олон нийтийн ажилд оролцсон ажилтнуудад байгууллагаас дэмжлэг туслалцаа үзүүлж, хөдөлмөрийн хөлсийг хэвээр олгох ба зохих амжилт гаргасан тохиолдолд байр, унаа, мандат зэргийн мөнгийг олгоно.
  • Ажилтнуудыг урамшуулах зорилгоор аялал зугаалга зохион байгуулахад байгууллагаас унаа, бензинээр хангана.
  • Байгууллагын ажилтан эмнэлэгт хэвтсэн тохиолдолд ЭМД-ын зардлын 15%-ийг байгууллагаас жилд 1 удаа хөнгөлөлт үзүүлнэ.
  • Байгууллагын дэргэдэх фитнесс клубт өөрийн ажилтнуудыг хамруулна.
  • Жижүүр эмч оройн ээлжийн ажилтнуудад ээлжинд гарахад нь нэг удаагийн хоолны үнийг 2500 төгрөгөөр тооцно.

Тав. Буцалтгүй тусламжийн талаар:

  • Байгууллагын ажилтан өөрөө ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдолд ар гэрт нь 6 сарын үндсэн цалингаар тооцож буцалтгүй тусламж олгоно.
  • Байгууллагын ажилтан өөрөө өвчний улмаас, гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд ар гэрт нь 2 сарын үндсэн цалингаар тооцож буцалтгүй тусламж олгоно.
  • Байгууллагын ажилтны 1-р үеийн хүмүүс нас барсан тохиолдолд /аав, ээж, төрсөн үр хүүхэд, эхнэр, нөхөр/ 150000 төгрөгний буцалтгүй тусламж олгоно. Жич: Байгууллагад 2-оос дээш жил ажиллаж байгаа тохиолдолд буцалтгүй тусламжийг тухайн гэр бүлийн 1 ажилтанд олгоно. Мөн үрчлэгдсэн тохиолдолд үрчилж авсан болон төрсөн эцэг эхийн аль нэгэнд олгоно.
  • Байгууллагын ажилтны 1-р үеийн хүмүүс нас барсан тохиолдолд / төрсөн аав, ээж,төрсөн үр хүүхэд, эхнэр, нөхөр /  7  хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно.
  • Байгууллагын ажилтны төрсөн ах, эгч, дүү нас барсан тохиолдолд 5 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно.
  • Байгууллагын ажилтанд гал усны аюул тохиолдож гэр орон, хувцас, эд хөрөнгөгүй болсон тохиолдолд 1 удаа 500000 хүртэл төгрөгний буцалтгүй тусламж олгоно.

                 Зургаа. Хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн нөхцөл сайжруулах талаар:

  • ХАБЭА-н тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-ыг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0.5 хувиас доошгүй байх ба “Ковид 19” болон бусад нөхцөл байдлыг харгалзан энэ удаад 5 хувиар тогтоож 6400000 төгрөгийг дараах зүйлд зарцуулна.
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт
  • ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт хамруулах
  • ажилтныг сувилах, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх
  • ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл
  • ажлын байр, үйлдвэрлэлийн орчны аюул, эрсдэлгүй байдлыг хангах
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц, ажилтан, зөвлөлийн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа
  • ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулна.
    • Байгууллага дээрээ ХАБЭА-н тухай хуулийн дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг хангана.
    • Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажиллагсдад дор дурдсан хөнгөлөлт үзүүлнэ.
  • ХАБЭА-н тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.9 дэх заалтыг үндэслэн сүү буюу хор саармагжуулах бүтээгдэхүүнийг ЭМНХСайдын 2000 оны 171 тоот тушаалын хавсралтын дагуу жагсаалт гарган олгох ба ажлын байран дээр хэрэглүүлж хэвшүүлнэ. Жич: Мэс заслын хагалгаа хийсэн тохиолдолд хор саармагжуулах бүтээгдэхүүнийг өдөрт 1 удаа олгоно.
  • Эмч, эмнэлэгийн ажилтан нарын ажлын тусгай хувцас ба бие хамгаалах хэрэгслийг онцгой нөхцөлд ажилладаг ажилтан нарт жилд 2 удаа, бусдад нь 1 удаа чанартай материалаар бүрэн олгоно.
    • ХАБЭА-н тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг цэвэрлүүлэх, ариутгуулах, засварлуулах тэдгээрт шаардагдах цэвэрлэх, ариутгах бодисоор хангана.
    • Ажилтанд олгох ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн төрөл, жагсаалт, эдэлгээний хугацаа, норм тэдгээрийг цэвэрлэх, ариутгах, засварлах хугацаа хуваарийг баталж мөрдүүлнэ.
    • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах ба ажиллах таатай нөхцлөөр хангаж, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулна.
    • Алсын дуудлаганд явж буй эмч, сувилагч, жолооч нарт өвлийн цагт дах дэгтийгээр хангана.
    • Эмч, эмнэлэгийн ажилтнуудыг жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах ба жилд 1 удаа шүдний эмчилгээнд үнэгүй хамруулна.
    • Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал оруулах, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгэх.

Долоо. Ажил амралтын цагийн талаар:

  • Ээлжийн ажилтнуудыг 4-5 ээлжээр ажиллуулж ажлын цагийн уян хатан графикийг тогтоон мөрдүүлнэ.
  • Ажилтнуудын ээлжийн амралтыг ажил үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж, амралтын хуваарийг оны эхэнд тасаг нэгжүүд гаргаж, хуваарийн дагуу ээлжийн амралтыг давхардал үүсгэлгүй олгоно.
  • Ижил үйлчилгээтэй тасгуудын ээлжийн амралтыг улирлын тааламжтай үед захиргааны заалтаар зохицуулж олгоно.
  • БОЭТ-д шинээр ажилд орсон ажилтанд 11 сар ажилласны дараа ээлжийн амралт олгоно. / түр гэрээтэй ажилтанд энэ заалт хамаарна. / Байнгын орон тоон дээр ажиллаж байгаа ажилтны ээлжийн амралтын хоорондын хугацаа 6 сар байна. Төрөөд, хүүхэд асрах чөлөөтэй байсан эх чөлөө дуусгаад буюу өөрийн хүсэлтээр ажилдаа орсон тохиолдолд 6 сар ажиллаж байж ээлжийн амралт авна.
  • Амбулатори, оношилгооны хэсгийн үйлчлэгч нарын ажилдаа ирэх, үдлэх, тарах цагийг ажлын онцлогоос шалтгаалан нэг цагийн өмнө ирж, нэг цагийн дараа тарах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж хэрэгжүүлнэ
  • Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 25.1.2 хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд нь шаардлагатай дэмжлэг үзүүлж, туслах үйлчилгээ авах боломжоор хангах, 28.3 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг нийгмийн хамгааллын болон нийгмийн халамжийн тусламж үйлчилгээнд хамруулна заалтуудыг үндэслэн байгууллагын ажилтан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх хүүхдээ асрахад нь зориулж 7 хоногт 1 цагийн цалинтай чөлөө олгоно.

Найм. Мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх талаар:

  • Зах зээлийн өнөөгийн байдалтай уялдуулан эрүүл мэндийн ажилтан нарт эмнэлэгийн боловсрол дээшлүүлэх ажлыг бодлого чиглэлтэй зохицуулж шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнүүдийг төрийн болон байгууллагын зардлаар сургана.
  • Өөрийн хүсэлтээр мэргэжлийн ба мэргэжлийн бус сургалтад суралцахахд цалингүй чөлөө олгож, ажлын байрыг хэвээр хадгална.
  • Дээд боловсролын сургалтын эчнээ, оройн хэлбэрээр суралцагчдад улирлын болон төгсөлтийн шалгалт өгөх, зэргийн шалгалт өгөх, дипломын ажил бичиж хамгаалахад зориулж цалинтай чөлөө олгоно.
  • 6 сар хүртэл хугацаагаар гадаад оронд суралцсан тохиолдолд цалинг олгож, дотоодын замын ирж, очих зардлыг машинаар тооцож олгоно. 6 сараас дээш хугацаагаар суралцахад ажлын байрыг хэвээр хадгална.
  • Байгууллагын хэрэгцээ, шаардлагаар эмч, мэргэжилтэн, ажилтнууд үндсэн мэргэшил эзэмших, төрөлжсөн мэргэшил эзэмших, мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцахад суралцах хугацааны үндсэн цалин, сургалтын төлбөр, унааны зардал олгоно.

Ес. ҮЭ-ийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх талаар:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, ҮЭ-ийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу ҮЭ-ийн хороо үйл ажиллагаа явуулахад нь шаардлагатай байр, эд хогшил, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ болон бичиг хэрэгслийн материал, тоног төхөөрөмж, канон, компьютерээр үнэ төлбөргүй хангана.
  • ҮЭ-ийн хорооноос зохиогдож буй ажлыг байгууллагын зүгээс санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлэх.
  • ҮЭ-ийн гишүүдийн татварыг цалин дээрээс бэлэн бусаар хурааж ҮЭ-ийн хорооны данс ХААН банк 5405095192 тоот дансанд цалин бууснаас хойш 5 хоногийн дотор оруулж тусална.
  • ҮЭ-ийн хорооны идэвхтэн, сонгуультныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь хамтын гэрээ байгуулах, гэрээний төсөл боловсруулахад нь Хөдөлмөрийн тухай хуулийн 9.1-д зааснаар статистик мэдээллээр хангана.
  • Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд ҮЭ-ийн сургалт болон хурал, цуглаан, зөвлөгөөн, семинар, ярилцлаганд оролцох үед албан тушаалыг хэвээр хадгалж, цалин хөлсийг бүрэн олгоно.
  • Хамтын гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээнд орсон асуудлаар өөр ҮЭ-тэй гэрээ хэлэлцээр байгуулахгүй байна.
  • Хөдөлмөрийн тухай хамтын маргаан зохицуулах талаар болон Монгол улсын бусад хуулийн хүрээнд эмч, эмнэлэгийн ажилтан нар санал бодлоо илэрхийлэх, шаардлага, санал тавих нөхцлөөр бүрэн хангана.
  • Ажилтнуудын хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөх аливаа шийдвэр гаргахдаа 2 долоо хоногоос багагүй хугацааны өмнө ҮЭ-ийн хороонд бичгээр мэдэгдэж саналыг тусгасан байна.
  • БОЭТ-д шинээр ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа, ямар нэгэн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж байгаа тохиолдол бүрийг шийдвэрлэхээс өмнө, хөдөлмөрийн чадвар түр алдсан болон бүрэн алдсан тохиолдол бүрийг, төрөөд хүүхэд асрах чөлөөтэй байгаа эх хүүхэд амрах чөлөө нь дууссан эсэхийг үл харгалзан ажилдаа орох тохиолдол бүрийг ҮЭ-ийн хороонд танилцуулж байх.

Арав.

ҮЭ-ийн хорооны хүлээх үүрэг , ҮЭ-ийн ажлын талаар:

 

  • Монгол улсын ҮЭ-ийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа үндсэн эрхээ эдэлнэ.
  • Байгууллагын захиргаатай Хөдөлмөрийн тухай хуулийн 2-р бүлэгт заасны дагуу хамтын гэрээ байгуулан түүний биелэлтэнд хяналт тавих буюу ажилтнуудад жилд 2 удаа биелэлтийг мэдээлнэ.
  • Хөдөлмөрийн болон хамтын маргааныг хянан шийдвэрлэх байгууллагад гишүүдийнхээ арх ашгийг төлөөлөн хамгаалах эрх эдэлнэ.
  • Хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон Монгол улсын хууль тогтоомжийн биелэлтийг сахин биелүүлэхийг захиргаанаас шаардана.
  • Хөдөлмөрлөх эрхийг хамгаалахтай холбогдсон аливаа асуудлаар гишүүдийн санал бодол, эрэлт хэрэгцээ санал хүсэлтийг судлан дүгнэж нэгтгэн захиргаанд болон холбогдох төр захиргааны байгууллагуудад санал оруулан шийдвэрлүүлнэ.
  • Хөдөлмөрлөх эрхийг хохироосон захиргааны шийдвэрийг түдгэлзүүлэх буюу гишүүд ажилтнуудын зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжилнэ.
  • Хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон аливаа асуудлыг ажилтнуудаар хэлэлцүүлэхийг санал болгох буюу гишүүдээр бие даан хэлэлцүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
  • Шаардлагатай мэдээ тайланг захиргаанаас гаргуулан авах эрх эдэлнэ.
  • ҮЭ-ийн гишүүдэд ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчдийн хурлаар баталсан хөнгөлөлт олгох журмын дагуу ҮЭ-ийн батлахтай, татвараа бүрэн төлсөн гишүүдэд олгоно.
  • Цалин хөлсийг цаг хугацаанд нь олгуулах, олгоогүй тохиолдолд хуулийн дагуу аль буруутай байгууллагаар алданги тооцуулна.
  • ҮЭ-ийн гишүүдийн хууль эрхийн мэдлэг дээшлүүлэх зорилгоор сургалтыг улирал бүр зохион байгуулж холбогдох зардлыг ҮЭ-ийн хороо хариуцна.
  • ҮЭ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хамт олон ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчид, гишүүдийг “Хөдөлмөр” сониноор сурталчлах ажлыг явуулна.
  • Дотоод ажлын мэдээг хагас буюу бүтэн жилээр гаргана.

       Арван нэг. Захиргаа ҮЭ-ийн хороотой хамтарч хүлээх үүрэг:

  • Ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслийг олгох ажил мэргэжлийн үргэлжилсэн жагсаалтыг баталж мөрдүүлнэ.
  • Хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтан нарын судалгааг гарган ажлын байрыг мэргэжлийн хяналтын албаар тодорхойлуулан сүү ба хор саармагжуулах сүүн бүтээгдэхүүн өгөх жагсаалтыг баталж мөрдүүлнэ.
  • ХАБЭА-н тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 сарын 22-ны өдрийн А/114 тоот тушаалыг үндэслэн байгууллага дээрээ ажилтны төлөөллийг оролцуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, орон тооны бус ажилтан ажиллуулна.
  • Хөдөлмөрийн маргаан таслах комиссыг Хөдөлмөрийн тухай хуулийн 11-р бүлэг, Засгийн газрын 1999 оны 122-р тогтоолын дагуу байгуулан ажиллуулна.
  • Үйлдвэрлэлин ослыг судлан тогтоох орон тооны бус байнгын комиссыг Засгийн газрын 2015 оны 06 сарын 29-ны өдрийн 269-р тогтоолын дагуу байгуулан ажиллуулна.
  • Эмнэлгийн ажилтан нарт эдийн засаг хууль эрхийн мэдлэг дээшлүүлэх, гадаад хэлний дамжаа, амьдрах ухааны сургалтыг хамтарч зохион байгуулна.
  • Эмнэлгийн ажилтны баяр нийтээр амрах баяр ёслолын өдөр нийтийг хамарсан соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулах холбогдох зардлыг 2 талаас зөвшилцөн тушаал гаргаж шагнал урамшуулал болон бусад зардлыг гаргана.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус салбар зөвлөл, Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын гишүүдэд давхардал үүсгэхгүйгээр хурлын ирц, ажлын үр дүн, ажил үүргийн хуваарийн дагуу хийсэн ажлын гүйцэтгэлийг харгалзан жилд 2 удаа /хагас жил, бүтэн жилээр/ үндсэн цалингийн 5-10 хувиар тооцож урамшуулал олгоно.
  • Эрүүл мэндийн ажилтны цалин хөлс, нийгмийн хамгаалал болон бусад чиглэлийн судалгааг тогтмолжуулж, өргөжүүлэхэд хамтарч ажиллана.

Арван хоёр. Хамтын гэрээнд хяналт тавих талаар:

 

  • Хамтын гэрээ хурлаар тохирч, тохирогч талууд гарын үсэг зуран, ажил олгогч нь Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт хамтын гэрээг бүртгүүлснээр   хүчин төгөлдөр болно. Гэрээний хугацаа дуусаж  хамтын гэрээг цуцлах санал гараагүй  тохиолдолд  гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш  дахин 1 жилийн хугацаанд  сунгагдсанд тооцож гэрээ  хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
  • Хамтын гэрээнд тусгагдсан асуудалд дүгнэлт хийж биелэлтийг хамтран дүгнэх буюу шаардлагатай үед нэмэлт тодотгол хийж хамтын шийдвэрийн дагуу нэмж, хасч болно. Талууд биелэлт явцын талаарх өөртөө байгаа бүх мэдээллийг хамтран солилцоно.
  • Хамтын гэрээнд оролцогч талууд харилцан гэрээний биелэлтэд хяналт тавьж зөрчлийг арилгах замаар арга хэмжээ аван хамт олонд мэдээлэл хийнэ. Гэрээний заалт зөрчигдсөн тохиолдолд Аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Хотын Засаг даргын Тамгын газар, Аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоонд санал оруулж шийдвэрлүүлнэ.
  • Хамтын гэрээг биелүүлэх буюу байгуулах явцад үүссэн санал зөрүүтэй асуудлыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 10-р бүлгийн дагуу шийдвэрлүүлнэ.
  • Хамтын гэрээний заалт зөрчсөн буруутай тал Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
  • Хамтын гэрээгээр тохиролцсон асуудлыг биелүүлж байгаа нөхцөлд ажил хаялт зохион байгуулахгүй байх үүргийг ҮЭ-ийн хороо хүлээнэ.
  • Хамтын гэрээг баталсан өдрөөс мөрдөж улмаар хуулийн дагуу Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн Хяналтын газар, Аймгийн болон Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоонд хувийг хүргүүлнэ.
  • Энэхүү гэрээний хавсралт болон дор дурьдсан баримт бичгийг захиргаа ҮЭ-ийн хороотой зөвшилцсөнөөр баталж мөрдүүлнэ.
  1. Ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний хэмжээ үндсэн цалингийн жишиг сүлжээ
  2. Хөдөлмөрийн нөхцөлтэй холбогдсон ажил мэргэжлийн жагсаалтууд
  3. Хөдөлмөрийн дотоод журам
  4. Ажил албан тушаалын жагсаалт
  5. Ажлын байрны тодорхойлолт
  6. Хөдөлмөрийн норм, норматив
  7. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангах, хөдөлмөр хамгааллыг сайжруулах арга хэмжээний хөтөлбөр, орон тооны бус зөвлөлийн ажиллах журам
  8. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтанд олгох хор саармагжуулах бодис, хоол хүнсний бүтээгдэхүүний жагсаалт, түүнд хамрагдах ажил мэргэжлийн жагсаалт
  9. Ажилтанд олгох ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн төрөл жагсаалт, эдэлгээний хугацаа, норм тэдгээрийг цэвэрлэх, ариутгах, засварлах хугацаа хуваарь
  10. Хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комиссын ажиллах журам, ажлын төлөвлөгөө
  11. ҮО, Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг судлан тогтоох орон тооны бус комиссын ажиллах журам, ажлын төлөвлөгөө

     БОЭТ-ИЙН

            ЗАХИРГААГ ТӨЛӨӨЛЖ                                      АЖИЛТНУУДЫГ ТӨЛӨӨЛЖ

 

БОЭТ-ийн захирал                      Д. Должин             ҮЭХ-ны дарга               С. Оюунчимэг

Дэд захирал                                 Ж.Энхчимэг          Тэргүүлэгч                    З.Доржханд

ХНА-ны  дарга                             Б .Байгальмаа      Тэргүүлэгч              Б.Хандам

Эдийн засаг Санхүүгийн

албаны дарга                              Ө.Сийлэгмаа        Тэргүүлэгч                     Б.Нэргүй

СА-ны дарга                                Д. Ариунаа         Тэргүүлэгч                     Н. Цэцэгтуяа

Хуулийн зөвлөх                           Ө.Батболд            ҮЭ-ийн гишүүн              Б.Амгаланбаяр

 

 

 

      БҮРТГЭВ

 

    ХЭРЛЭН СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА                      А. НАРАНЦЭЦЭГ