Талархал

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндийг Цагаан-Овоо сумын нийт иргэддээ хүргэн мэндчилье.

БОЭТ-ийн нийт эмч, сувилагч, ажилтнууд бид Коронавируст халдварын 2 дахь давалгааг эрсдэл багатайгаар даван туулахын тулд хүний нөөц, багаж тоног төхөөрөмж, төсөв санхүүгийн нөөц бололцоондоо тулгуурлан тусламж үйлчилгээгээ аль болох оновчтой, зөв зохион байгуулахыг хичээн ажилласаар байна.

Бид үндсэн үйл ажиллагаагаа алдагдуулахгүйгээр Ковидын эмчилгээний тасагт ажиллах 13 баг, татан авалтын 4 багийг бэлтгэн тус бүрдээ 14-16 хоногийн хугацаанд улаан бүсэд орж ажиллан дараа нь 5-7 хоног тусгаарлагдаж байгаа бөгөөд нийт ажилтнуудын 50 орчим хувь нь Ковидын тусламж үйлчилгээнд дайчлагдан ажилласан байна. Дорнод аймагт өнөөдөр 47 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 897 боллоо. Эдгээр иргэдийн 629 нь эдгэрч, ковидын тасгуудад одоо 238 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.Амралтын өдрүүдэд ч зогсоо зайгүй ажиллах эмнэлгийн ажилтнуудын хүндхэн бөгөөд хариуцлагатай нөр их хөдөлмөрийг үнэлж, олон хүнийг цар тахлын аюулаас өрсөн хамгаалах эрч хүчийг олж авахад зориулж Цагаан-Овоо сумын малчин иргэдээс 106 толгой хонь,  мөн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн харьяат Аймгийн аварга малчин Ө. Лхагвадоржийн гэр бүлээс 3 адууг хандивласныг БОЭТ-ийн хамт олон хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.Бид энэхүү хандивыг өөрсдийгөө ч эрсдэлд оруулж болзошгүй орчин нөхцөлд дайчлагдан ажиллаж буй ажилтнуудынхаа дархлааг дэмжихэд зориулах болно.Тэвдэж явахад чин сэтгэлээсээ туслан бидэнд өгөөмөр сайхан сэтгэлийн  дэмжлэг үзүүлж буй Цагаан-Овоо сумын нийт малчин иргэддээ, энэхүү хандивын аяныг удирдан зохион байгуулсан сумын удирдлагуудад БОЭТ-ийн ажилтнуудынхаа өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлж эрүүл энхийг хүсье.Цар тахлын хүнд бэрх цагийг даван туулсны дараагаар манай эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын баг Цагаан-Овоо суманд хүрэлцэн очиж Та бүхэндээ үзлэг, оношилгоо, эмнэлгийн тусламжийг хүргэх болно.

БОЭТ-ийн захиргаа