ДОРНОД АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

 

      Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5 дахь заалт,  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг үндэслэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг холбогдох журмын дагуу зарлаж, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/414 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг зарласан билээ.

         Тус сонгон шалгаруулалтад 4 оролцогч зарын дагуу материал ирүүлсэн бүртгүүлсэн бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 5.1-д заасны дагуу шалгаж, 2 оролцогчийг баримт бичгийн бүрдэл хангаагүй шалтгаанаар бүртгэхээс татгалзаж албан бичгээр мэдэгдсэн.

       Төлөөлөн удирдах зөвлөл өрсөлдөх боломжийг олгох зорилгоор олонхын саналаар А.Баяржаргал, Б.Өнөболд нарыг сонгон шалгаруулалтын журмын дагуу баримт бичгийн болон ур чадварын үнэлгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлж, зөвлөлийн гишүүдийн дүнд үл ойлголцох асуудал бүрийг тухай бүрд нь шийдвэрлэж, ил тод, ашиг сонирхлын зөрчилгүй шалгалтыг зохион байгуулсан.

        Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/414 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгалтын үнэлгээгээр А.Баяржаргал 61.7 оноо, Б.Өнөболд 55.8 оноо авсан бөгөөд хамгийн өндөр оноотой А.Баяржаргалыг Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний захирлаар томилохоор зөвлөл шийдвэрлэсэн.

       Зөвлөл журмын 8.2-т заасны дагуу захирлын албан тушаалд томилохоос өмнө нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт гаргуулах болон хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

        Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагын багаас эмнэлгийн захирлын сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой гомдол 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 5.6-д заасны дагуу хэлэлцэн шийдвэр гаргах зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, анх удаа зохион байгуулсан Эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгож дахин зарлах шийдвэрийг гарган албан бичгээр хариуг хүргүүлээд байна.

     Иймд Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг журмын дагуу дахин зарлахаар шийдвэрлээд байна.

 

 

 

Дорнод аймаг дахь БОЭТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл