Сургалтын алба

        Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь 2002 оноос эхлэн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан эрхэлж эхэлсэн бөгөөд Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар сэтгэцийн эрүүл мэндийн ахлах зэрэгтэй эмч Б.Батболд ажиллаж эхэлсэн байна. 2003 оноос 9 мэргэжилтний бүрэлдхүүнтэй баг эрдэм шинжилгээний ажлыг удирдан зохион байгуулж, эмч, сувилагч нарыг суралцуулан мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэхэд анхааран ажиллаж байлаа.

       Сургалтын алба нь гадаадын урт, богино хугацааны сургалт, цахим сургалтууд, эмч мэргэжилтнүүдийн багц цагийн биелэлтийг хангах, мэдлэг ур, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтуудыг бүсийн болон аймгийн хэмжээнд төв дээрээ зохион байгуулж байна. Мөн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даан хийхэд дэмжлэг үзүүлэн зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллаж байна. Олон улсын болон бүсийн хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг тодорхой давтамжтайгаар зохион байгуулж товхимол нийтлүүлэн мэргэжилтнүүддээ хүргээд байна. Бид сургалтынхаа материаллаг баазыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ДЭМБ, Азийн сан, ЭМСХ 1, 2 төсөл, Аймгийн Засаг даргын дэмжлэг, Солонгос-Монголын хамтарсан Ионсёй Найрамдал эмнэлэг, бусад төрийн бус байгууллагуудын санхүүжилт, дэмжлэгтэйгээр сургалтын иж бүрэн том, жижиг танхим, алсын зайн оношилгооны цахим хурлын танхим 1, оношилгооны кабинет 2, 10000 ном бүхий номын сан зэрэг байгууламжуудыг бүтээн босгож өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Номын сангаа цахим хэлбэрт оруулахаар шамдан ажиллаж байна.

          Сүүлийн 3 жилийн хугацаанд ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэ технологиудыг бүс нутгийнхаа хэмжээнд нэвтрүүлэн ажиллах зорилгоор мэс засал, дүрс оношилгоо, чих хамар хоолой, нүд, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, мэдрэл, төрөх эмэгтэйчүүдийн чиглэлээр 20 эмчийг БНСУ, ОХУ, БНХАУ, Тайвань, Тайланд, Япон, Индонез, АНУ зэрэг улс орнуудад урт богино хугацааны сургалтад хамруулжээ. Үүний үр дүнд дурангийн болон эрхтэн хадгалах шинэ технологийн хагалгаануудыг орон нутагтаа амжилттай хийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулан ажиллаж байна.