ЗӨӨВРИЙН РЕНТГЕН АППАРАТ ХҮЛЭЭН АВЛАА

Дорнод аймгийн залуучуудын дуу хоолой болж, залуучуудад үлгэр дуурайл үзүүлэх, залуучууд руу чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан “Нэг өдрийн цалин нэг хүний амь” хандивын арга хэмжээний үр дүнд манай эмнэлэгт зөөврийн рентген аппарат, ургийн зүрхний монитор, даралтын аппарат хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгуулагдлаа.

Залуучуудынхаа эхлүүлсэн санаачлагыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дэмжиж, цар тахлыг даван туулахад зориулан иргэдийнхээ сайхан сэтгэлээр босгосон хандив дээр нэмэлтээр аймгийн Засаг даргын нөөцийн сангаас 75 сая төгрөгийг шийдвэрлэснээр 95 сая төгрөгийн өртөгтэй орчин үеийн дэвшилтэт хиймэл оюун ухааны технологид суурилсан дижитал рентген аппаратыг худалдан авах боломж бүрдсэн юм.

Рентген аппаратыг БОЭТ-д гардуулан өгөх үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М. Бадамсүрэн, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан, Дорнод аймгийн залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүн Э.Золжаргал, дэд тэргүүн Г.Хонгорзул, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Нарансоёл нар зөвлөлийн тэргүүлэгчдийн хамт оролцлоо.

Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөл нь энэ оны 5 дугаар сард Монгол Улсын  Ерөнхий сайдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд тэдний анхны үйл ажиллагаа нь иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, Коронавируст цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сайхан санаачлага байсан төдийгүй, олон нийтийн оролцоотойгоор ямар ч асуудлыг шийдэж болдог гэдгийг бодитоор харууллаа.

Манлайлагч залуус Та бүхэндээ БОЭТ-ийн эмч, сувилагч, ажилтнууд бид талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс зохион байгуулах аливаа үйл ажиллагааг дэмжиж оролцох болно.

Бид коронавируст халдварын дараах хяналт, эмчилгээний асуудалд давхар анхаарч хөдөөгийн сумдад, Хэрлэн сумын алслагдсан багт хүрч очин эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдэд рентген оношилгоо бүхий үзлэг үйлчилгээг үзүүлж ажиллах юм.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

БОЭТ захиргаа