Бид хэрэглэгчээ дээдэлсэн , өндөр чадавхитай эмнэлэг болох алсын хараатай, Иргэн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг инээмсэглэл-эелдэг харилцаа уриатайгаар ажиллалаа.
БОЭТ-ийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан байгууллагынхаа 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх 7 хүрээний төвшинд 51 ажлыг төлөвлөн биелэлтийг 95 хувиар ханган гүйцэтгэжээ.
Энэ онд 8 алба, 24 тасгийн зохион байгуулалттайгаар 496 ажилтантай үйл ажиллагаагаа явууллаа. Эмч нар бүгд үндсэн мэргэжил эзэмшсэн, харин эдгээрийн 51.4% нь төрөлжсөн мэргэжил эзэмшжээ. Сувилагч тусгай мэргэжилтний 52% нь төрөлжсөн мэргэжлээр мэргэшин тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нийт эмч, сувилагч, тусгай мэргэжилтний нь 34.2% мэргэжлийн зэрэгтэй, 20% нь магистр зэрэг хамгаалжээ.
Иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй, аюулгүй байдлыг ханган хүргэж шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэн коронавируст халдварын үеийн тусламжийн чанарыг сайжруулах үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх, ээлтэй орчныг бүрдүүлэн ажиллах, иргэдээс хамгийн олон талархал хүлээсэн амжилтаараа Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, Дүрс оношилгоо, Халдварт, Мэдээлэл технологийн тасгийн хамт олон 2021 оны “ШИЛДЭГ ТАСАГ”-аар тус тус шалгарав.
Чанарыг эрхэмлэгч хамт олноор Ариутгал халдваргүйтгэлийн тасаг, Ёс зүйг эрхэмлэгч хамт олноор үйлчилгээний тасаг, Бүтээлч хамт олноор Инженер техникийн тасгууд шалгарлаа.
Оны шилдэг менежерээр Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн эрхлэгч эмч Г.Ганцэцэг, Шилдэг эмчээр хүүхдийн тасгийн эмч Б.Батхишиг, Шилдэг сувилагчаар хүүхдийн тасгийн сувилагч Г.Пүрэв, Шилдэг тусгай мэргэжилтнээр Мэдээлэл технологийн тасгийн бага эмч О.Баярмаа, Шилдэг үйлчилгээний ажилтнаар үйлчилгээний тасгийн үйлчлэгч Б.Лхагвадорж, Шилдэг дэмжих үйлчилгээний ажилтнаар жолооч Д.Батхуяг нар хийж бүтээсэн ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан тэргүүлж оны шилдэгээр шалгарчээ.
Шинэ мэдлэг, бүтээлч санаа санаачлагыг дэмжин ажиллах үүднээс БОЭТ-ийн захирлын нэрэмжит “Инновацийн эзэд” шагналын 4 дахь удаагийн эзэдээр лабораторын тусламж үйлчилгээнд шинэ технологийг нэвтрүүлж оношилгооны чадавхийг сайжруулсан амжилтаараа Лабораторын тасгийн хамт олон, “Инновацийн эзэн”-ээр ургийн хромосомын гажгийг эрт илрүүлэх оношилгооны дэвшилтэт аргыг нутагшуулан ажиллаж буй амжилтаараа Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эмч Д.Билгүүнжаргал шалгарчээ.
Улиран одож буй оныхоо амжилт бүтээлээ хамтаараа хэлэлцэж, байгууллагын азтангуудаа тодруулан хийж бүтээсэн ажлынхаа тайланг иргэд, эмнэлгийнхээ ажилтнууд, ЭМГ-ын даргад танилцуулан 2022 оны тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон тайлангийн хурлаа бид амжилттай зохион байгууллаа.
БОЭТ захиргаа