Сэргээн засах эмчилгээ

СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

Анх 1950 онд ЗХУ-ын мэргэжилтэн А.Л.Кожукова, А.Л.Вотрон нар соллюкс, кварц, УВЧ аппараттайгаар физик эмчилгээний кабинетыг байгуулсан.

1950 оноос хойш физик эмчилгээний сувилагчаар н.Дэжид, н.Банзрагч нар ажиллаж, 1963 онд Ж.Нансалмаа нь Цахилгаан эмчилгээний, 1972 онд Х.Чулуунбаатар нь Иллэгийн курс төгсөж, орон нутагт анхны дунд мэргэжилтэнгүүд ажиллаж эхэлсэн.

Анхны их эмчээр Г.Төмөрпүрэв, Хүчилтөрөгч коктель эмчилгээний эмчээр С.Жавзмаа, Биеийн тамир эмчилгээний бага эмчээр Д.Төмөр, Цахилгаан дулааны эмчилгээний сувилагчаар Н.Дэжид, Иллэгний сувилагчаар Н.Бухаа, Шавар ус эмчилгээний сувилагчаар Ж.Бямбаа нар ажиллаж байв. 1977 оноос Зүүний мэргэжил эзэмшсэн сувилагч Ж.Бямбаа ажиллах болсноор эмчилгээний төрөл нэмэгдэж, 1986 оноос Хүчилтөрөгч эмчилгээ, 1999 оноос Парафин болон Хөдөлгөөн засал кабинет шинээр нэмэгдэж ажиллуулсан.

2003 онд БОЭТ-ийн материаллаг бааз дээр тулгуурлан Английн хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр тоног төхөөрөмж, хэрэгслүүдээр хангаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх төвийг хөдөө орон нутагт анх удаа байгуулсан.

Одоо “Сэргээн засах төв” нь өдөрт дунджаар 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй 10-15 хүүхдэд хөдөлгөөн засал эмчилгээ, иллэг бариа засал, усан эмчилгээ, хөдөлгөөн засал эмчилгээ, цахилгаан эмчилгээ, туслах хэрэгсэл зэргээр үйлчилж байна.

 

2013-2015 онд Олон улсын сайн дурын идэвхтэн мэргэжилтэн хөдөлгөөн засалч Т.Футоши, 2015-2017 онд ахуй засалч М.Мики нар нь манай хамт олонтой гар нийлэн ажилласан. 2016 оноос Хөдөлгөөн засалч Г.Масса нь хамтран ажиллаж байна.

“Сэргээн засах эмчилгээ”-ний тасаг нь өдөртөө дунджаар 200-250 хүнд сэргээн засах тусламж үйлчилгээний 20 гаруй нэр төрлийн эмчилгээ, үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлж байна. Үйлчлүүлэгчдийн дийлэнх хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдүүд эзэлж байна.

Одоо тус тасагт Тасгийн эрхлэгч, сэргээн засалч их эмч Б.Ундрам, Зүү заслын их эмч Г.Ууганцэцэг, Б.Нямцэцэг, М.Булгамаа эмч нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тэргүүлэх зэрэгтэй сувилагч Г.Нарантуяа, Д.Алтанцэцэг, ахлах зэрэгтэй эмч Б.Ундрам, сувилагч Р.Болортунгалаг, Б.Балбармаа нар ажиллаж байна.

       Үйлчлүүлэхдээ анхаарах зүйлс:

  1. Шаардлагатай шинжилгээ, оношилгоонд хамрагдсан байх.
  2. Эмчид үзүүлэхдээ цагийн дугаар авна.
  3. Заагдсан эмчилгээнийхээ дагуу тус тусын кабинетаар үйлчлүүлнэ.
  4. Эмчилгээг заагдсан хугацааны дагуу тасралтгүй хийлгэх, эмч болон мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг дагах.
  5. Эмчилгээний туршид согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, бусдад саад учруулахгүй зөв боловсон, соёлтой үйлчлүүлнэ үү.

 Эмчилгээнд ирэхдээ:

Зүү эмчилгээнд:

Өлөн ирж болохгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй, дэвсгэр даавуутай ирэх

Иллэг эмчилгээнд:

Иллэг хийлгэхэд зориулагдсан тос авч ирэх, дэвсгэр даавуу болон тос арчих алчууртай ирэх.

Хөдөлгөөн засал эмчилгээнд:

Хөдөлгөөнд саад болохгүй хөнгөн, биед эвтэйхэн хувцаслах.

Цахилгаан эмчилгээнд:

Дэвсгэр даавуутай ирэх, эмчилгээнд орохдоо гар утсаа унтраах.

ХБХ-ийн “Сэргээн засах төв”-өөр үйлчлүүлэхдээ хүүхдийн том  ванны алчуур, давс, иллэг хийлгэхэд зориулагдсан тос, алчуур авч ирэх. Эмчилгээ нь 1.00-1.30 цаг үргэлжлэх тул хүүхэддээ уулгах шингэн болон идэх зүйлсийг нь авч ирж болно.