Сувилагч тандаа баярлалаа

      Олон улсын сувилагчдын ѳдрийг тохиолдуулан БОЭТ-ийн удирдлагууд нийт сувилагч тусгай мэргэжилтнүүддээ хүндэтгэл үзүүллээ. БОЭТ-ийн захирал Д.Должин  эмнэлгийн хүний нѳѳцийн 50 хувийг бүрдүүлдэг сувилагч тусгай мэргэжилтнүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, нийт эмч ажилтнуудынхаа өмнөөс үйлчлүүлэгчийнхээ хамгийн ойр дотны найз нөхөр нь байж, эмнэлэгийн тусламж үйлчилгээний ачааны хүндийг үүрэлцэн нэр төртэй ажиллаж байдагт нь талархал илэрхийлсний зэрэгцээ тэднийхээ хөдѳлмѳр хамгааллын хувцсыг шинэчлэх, асаргаа сувилгаа хийхэд нь шаардлагатай байгаа багаж хэрэгсэл, төхөөрөмжийг тодорхой үе шаттайгаар хангах, үйл ажиллагаандаа зарим зохион байгуулалтын арга хэмжээ авахаар тѳлѳвлѳн ажиллаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

  Мөн хэлсэн үгэндээ 1939 оны Халхын голын дайны фронт болон ар талд эмчлэн сувилах үйл ажиллагаанд сувилагч, мэргэжилтнүүд оролцож байсантай холбоотой, дайны үед манай эмнэлэг нь хүндээр шархадсан дайчдыг хүлээн авч эмчлэх, түүнчлэн дараагийн шатны эмнэлэг буюу Чита хот, Улаанбаатар хотруу хүнд өвчтөнийг шилжүүлэх, дайсны талаас дайсагнах зорилгоор худаг ус хордуулах, бөөсөн хижиг тараах зэрэгт нэрвэгдсэн энгийн ард иргэдийг эмчлэн эрүүлжүүлэх ажлыг хийж байсан зэрэг түүх нь манай эмнэлгийг Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойтой холбож, эх орны тусгаар тогтнолд гүйцэтгэсэн түүхэн үүргээрээ онцлогтой эмнэлэгт ажиллаж байгаагаараа бахархах, түүхийг мартахгүй сэргээж байхыг дурдсан байна.

      Сувилагч нартаа зориулан Чих хамар хоолойн эмч, СТА Г.Анхбаяр “Сувилагч тандаа баярлалаа” дуугаар, Инженер техникийн тасгийн инженер Э.Чулуунчимэг “Ерэн баатарын дууль” найраглалаар тус тус мэндчилгээ дэвшүүлж, сувилагчид тангаргаа өргөсний зэрэгцээ, Халхын голын ялалттай холбоотой түүхийн сэдэвт “АХА” тэмцээн зохион байгуулж, хэсэг сувилагч нарын зүгээс мэргэжил нэгтнүүддээ “Дайны үеийн сувилагч”дуугаар баярын мэнд хүргэлээ.

    Ахмад дайчин, сувилагч Б.Гүнсэнгийн нэрэмжит шагналыг хүртсэн сувилагч Т.Нарантуяа, О.Оюунчимэг, ахмад лаборант Л.Долгор нар нь Халхын голын дайнд оролцож үүрэг гүйцэтгэж байсан сувилагч нартаа зориулан босгосон дурсгалын ханан хөшөөг сэргээн засварласан тул байгууллагын зүгээс дурсгалын зүйл гардуулах, АХА тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн нэгдсэн лабораторийн тасгийн лаборант Н.Бадамсэрэн, сүрьеэгийн тасгийн сувилагч Т.Сэлэнгээ, Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн сувилагч Б.Болорчимэг, дүрс оношилгооны тасгийн рентген технигч С.Мягмарсүрэн, нэгдсэн лабораторийн тасгийн лаборант Х.Отгонбаяр нарт болон нийт оролцогсдод үйлчлүүлэгчийн амин эрхтний үйл ажиллагааг хянах багаж, хэрэгслийг урамшуулаар олгосон байна.

      Тус арга хэмжээн дээр “Афродита” Дорнод косметик компани оролцон сувилагч нартаа талархал илэрхийлж өөрсдийн бэлтгэсэн гарын бэлгийг хүргэж “Сувилагч тандаа баярлалаа” хэмээн ажлын өндөр амжилт хүслээ.

Нийгмийн эрүүл мэндэд сувилагч мэрэгжилтнүүд оролцоогоо хангаж, эмнэлгийн орчныг үйлчлүүлэгч, ажилтнуудад ээлтэй болгох зорилгоор байгууллагынхаа хашаанд 50 ширхэг нарс мод тарьснаар энэхүү арга хэмжээ өндөрлөв.

 

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА