“Эмийн чанар, аюулгүй байдал ба тасгийн үйл ажиллагаа” чанарын өдөрлөг зохион байгууллаа

        Тасагт хэвтэн эмчлүүлэгчдэд хэрэглэж буй эм , эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эмийн эмчилгээний алдаа гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эмийн чанар аюулгүй байдал ба тасгийн үйл ажиллагаа” сэдэвт чанарын өдөрлөгийг эм зүйн тасаг, мэс заслын тасаг хамтран зохион байгууллаа.

     Өдөрлөгт бүх тасаг нэгжийн  чанарын багийн гишүүд болон ахлах сувилагч нар хамрагдаж, “Эм зүйн тусламж үйлчилгээтэй холбоотой мөрдөх дүрэм журмууд” сэдвээр мэдээлэл авч, өндөр эрсдэлт эмийн хэрэглээ, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хяналт, эмийн эмчилгээний алдааг бүртгэн мэдээлэх талаар мэдлэг мэдээллээ сайжруулсан.

      Тасагт өндөр эрсдэлт эмийн хадгалалт, хяналт хэрхэн явагдах, эм бэлдмэлийг өнгөний кодоор ангилан байршуулах,  эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчийн заасан нөхцөлд хадгалах, яаралтай тусламжийн эмийн шүүгээ, амилуулах суурь тусламж үзүүлэх шүүгээний  бэлэн байдлыг хангах үйл ажиллагаа хэрхэн явагдах талаар танилцууллаа.