БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

        Бид 2023 оны тайлангийн хурлаа зохион байгуулж өнгөрч буй ондоо хийж бүтээсэн ажлын амжилт, алдаа дутагдлаа хэлэлцэн шилдэг, тэргүүний ажилтнуудаа тодрууллаа.

            Манай хамт олон эхийн эндэгдэлгүй, нялхас, 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтыг улс, аймгуудын дундажаас доогуур түвшинд, 12 төрлийн шинэ дэвшилтэт технологийг эмнэлгийн тусламж үйлчилгээндээ нэвтрүүлсэн зэрэг амжилт бүтээлээр дүүрэн он байлаа.

       Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарч иргэдэд амьдралын зөв дадлыг хэвшүүлэх мэдээ, мэдээллийг тасралгүй хүргэн ажиллажээ. “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа дунд спортын тэмцээн, Түмэн дасгалыг зааж сурган таргалалт, хөлдөлгөөний дутагдлаас сэргийлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулжээ.

       Эмч нар “Эртэч уулзалт” зохион байгуулж эхэлсэн нь мэдлэгээ хуваалцах, чадавхаа дээшлүүлэх шинэ соёл болсон.

      Ерөнхий мэргэшил судлалын үндсэн мэргэшлийн сургалтын анхны төгсөлтөө амжилттай зохион байгуулж сургалт эрхлэгч байгууллагын үйл ажиллагаагаа тогтворжуулан үргэлжлүүлэн элсэлт авч байна. Эмнэлзүйн сургагч багшийн хүрээгээ өргөжүүлэн эх барихуйн сургагч багш нартай боллоо. Ач АУИС-тай хамтран магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж 27 эмчийг ажлын байранд нь суралцах, хөгжих боломжийг бүрдүүлсэн. Аймгийн Засаг даргын санаачлага дэмжлэгтэйгээр Туслах эмчийн хөтөлбөрийг анх удаа амжилттай хэрэгжүүлэн ачаалал ихтэй дотор, мэс заслын тасгуудад ажиллуулж мэргэшсэн туршлагатай эмчийг эмнэлзүйн шийдвэр гаргалтанд илүү оруулах боломжийг бүрдүүлж хүлээгдлийг 2 дахин бууруулсан. Байгууллагын маркетинг, дунд шатны менежерүүдийн удирдан зохион байгуулах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг худалдааны тэнхим, Менежментийн тэнхимын багш нартай хамтран Байгууллагын менежмент, үйлчилгээний маркетингийн сургалтыг зохион байгуулсан. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах гадаадын урт богино хугацааны сургалт, зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хуралд 52 мэргэжилтэнг ОХУ, АНУ, Япон, Казакстан, Тайвань, БНСУ, Вьетнам, Малайз, Тайланд, БНХАУ зэрэг улс орнуудад очиж суралцахад дэмжлэг үзүүлсэн зэрэг сургалт, хөгжлийн үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулжээ.

        Аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр БНСУ-ын Гушин их сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж хоёр эмнэлгийн хооронд гадаад хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Бусан их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах саналыг дэвшүүлж эмч, мэргэжилтнийг сургалтанд хамруулах гарцыг нээсэн. Эмч хөгжлийн хөтөлбөрийг аймгийн ЭМГ-тай хамтран боловсруулж ирэх онд гадаад сургалтанд хамрагдах мэргэжилтнүүдэд шаардагдах зардлыг аймгийн ИТХ-аар батлуулсан зэрэг хамтын ажиллагаагаа дэвшилтэт шатанд гаргасан амжилт бүтээлээр дүүрэн он байв.

     2023 оны Шилдэг албаар Сургалт, судалгаа, хамтын ажиллагааны алба, Шилдэг үйлдлийн анагаах ухааны хамт олноор Төрөх эмэгтэйчүүдийн тасаг, Шилдэг эмнэлзүйн анагаах ухааны хамт олноор Дотрын тасаг, Шилдэг оношилгооны хамт олноор Нэгдсэн лабораторын тасаг, Шилдэг эмнэлгийн тусламжийг дэмжигч хамт олноор Эм зүйн тасаг, Шилдэг инноваци нэвтрүүлсэн хамт олноор “Шээдэг сүвээр дамжуулан түрүү булчирхайг дурангаар авах” мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэсэн Б.Өнөболд ахлагчтай хагалгааны баг, Шилдэг менежерээр амбулаторын тасгийн эрхлэгч Б.Болорцэцэг, Манлайлагч эмчээр гэмтэл бичил мэс заслын тасгийн эмч Э.Эрдэнэбаяр, Манлайлагч сувилагчаар мэдрэлийн тасгийн ахлах сувилагч В.Энхмаа, Шилдэг ажилтнаар мэдээллийн технологийн инженер Б.Гантулга, Шилдэг дэмжих үйлчилгээний ажилтнаар мэс заслын тасгийн хагалгааны туслах сувилагч Д.Баасанцэрэн нар тус тус тодорч амжилт, ололтоо үнэлүүллээ.

        Угтан ирж буй 2024 ондоо хамт олон минь эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

БОЭТ-ийн захиргаа