Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар “Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтныг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-д хамааралтай ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүст болон ажил олгогчдод үзлэг шинжилгээний төрөл, давтамж, хамрах хүрээ, төлбөрийн талаар дараахь тайлбар, тодруулга бүхий мэдээллийг өгье. Үүнд:
1.Жилд 2 удаа буюу 6 сар тутамд:
-Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, боловсруулдаг, тээвэрлэдэг, худалдаалдаг буюу бүх байгууллага, аж ахуйн нэгжийн тогооч, бэлтгэгч, хүнсний бүтээгдэхүүний худалдагч, ажиллагсад
– Усан сангийн ус түгээгч, усны машины жолооч
2.Жилд 1 удаа:
– Хүүхдийн асрамж, халамжийн газрын багш, туслах багш
– Үсчин, гоо сайханч
– Зочид буудлын үйлчлэгч, сауны газрын иллэгийн ажилтан
– Эм хангамж, эмийн сангийн эм, хэрэгсэлтэй харьцдаг ажиллагсад
– Галт тэрэгний үйлчлэгч
3.Үйл ажиллагаа эхлэхээс 30 хоногийн дотор:
– Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш болон хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч хүмүүс
– Хүүхдийн зуслангийн багш, туслах багш нар
– ЕБС-ийн 1-5-р ангийн багш, дотуур байрны болон өдөр өнжүүлэх бүлгийн багш нар
Үйлчлүүлж байгаа иргэд, бяцхан үрсийг эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор үзлэг, шинжилгээний багцад цээжний рентген шинжилгээ, хамар, залгиурын арчдас, гэдэсний бүлгийн нян тээгч болон, цагаан хорхой илрүүлэх шинжилгээнүүд багтдаг.
Бүх шинжилгээний хариу гармагц шинжилгээний үр дүнг дүгнэж эрүүл мэндээр тухайн албан тушаалтан тухайн ажлын байранд ажиллаж болох эсэхийг эмнэлгийн эрх бүхий албан тушаалтан / Эмчилгээ эрхэлсэн дэд захирал болон амбулаторийн эрхлэгч/ гарын үсэг, тамгаар баталгаажуулж өгдөгт энэхүү үзлэг , шинжилгээний ач холбогдол оршиж байгаа юм.
Дараагийн нэг ойлголт бол 2016 оныг дуустал олон жилийн туршид энэхүү үзлэг, шинжилгээний төлбөр 10,000 төгрөг байсан хэдий ч Сангийн сайд, ЭМСайдын хамтарсан 2017 оны 264/А/293 дугаар тушаалын дагуу эрүүл мэндийн дүгнэлт гаргах төлбөрийн хэмжээг 20,000 төгрөг байхаар тогтоосон. Жолооны үнэмлэх авах хүмүүсийн эрүүл мэндийн дүгнэлтийн төлбөр ч мөн адил хэмжээгээр тогтоогдсон.
Гэхдээ энэхүү төлбөрийн хэмжээг тогтоохдоо оношилгоо шинжилгээнд гарах зардлыг оруулаагүй гэсэн тодотгол 2 сайдын хамтарсан тушаалд байгаа болно.
/Сайдын тушаал, ССайдын, ЭМСайдын тушаал, шинжилгээний үнэ/
Шинжилгээний бодит зардлын үнэлгээг хэсэг бүрчлэн харуулахад:
- Шимэгч хорхойн шинжилгээ 3500 төгрөг
- Өтгөнд нян өсгөвөрлөх 15,000 төгрөг
- Хамрын арчдасанд нян өсгөвөрлөх 15,000 төгрөг
- хөөмххХөөмий арчдасанд нян өсгөвөрлөх 15,000 төгрөг
- Рентген оношилгоо, флюр графийн шинжилгээ /5000-10,000/ төгрөг
Эдгээрийн нийлбэрийг харвал 20,000 төгрөгт ч багтахааргүй байгааг та бүхэн анзаарах бизээ
Олон жилийн турш төлбөрт үйлчилгээний тарифийг тогтвортой барьж, эмнэлгүүд /ашгийн бус хэдий ч/ алдагдалд орж байсан тул Сангийн сайд, ЭМСайдын хамтарсан тушаалаар төлбөрийн хэмжээг нэмэх асуудал сүүлийн 4-5 жилд яригдаж, хүлээгдсээр 2017 онд тариф шинэчлэгдсэнтэй холбоотой үзлэг шинжилгээний төлбөр 20,000 төгрөг болсон байна.
Талхны үнэ яагаад өсдөгийг хүн бүр ойлгодогийн нэгэн адил гадаад улс орноос оруулж ирдэг шинжилгээнд хэрэглэгдэх оношлуур, хэрэгслүүрийн зардал жил ирэх бүрт өсдөг хэдий ч иргэдэд эдийн засгийн дарамт үүсгэхгүй гэж энэхүү тушаал гарахгүй хүлээгдсэний зэрэгцээ шинжилгээ тус бүрийн өртөгөөр төлбөрийг тогтоогоогүй, дундаж хэмжээг 20,000 төгрөгөөр тогтоосон байгаа нь иргэд учруулах ачааллыг хэт ихээр нэмэгдүүлэхгүйгээр тогтоогдсоныг ойлгохыг хүсье.
Бид тухайн ажилтны ажилдаа эрүүл мэндээр тэнцэх эсэх, ажлын байрны баталгааг эрүүл мэндийн талаас нь гаргахын төлөө энэхүү нэмэлт үйлчилгээг Та бүхний хүсэлтээр хийхэд бэлэн байна.
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА



