Компьютерт томографийн аппараттай боллоо

       Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв /БОЭТ/ нь 2008 оноос Компьютерт томограф/КТГ/-ийн оношилгоог орон нутагтаа хийж байсан боловч сүүлийн 3 жил гаруйн хугацаанд КТГ-ын аппарат алдаа заасны улмаас оношилгоо хийгдэхгүй болсон. Энэ хугацаанд 260-аад үйлчлүүлэгч КТГ-ийн оношилгоо хийлгэж эмчилгээний асуудлаа шийдвэрлүүлэхээр дээд шатлалын эмнэлэгт илгээгдсэн нь тэдгээр үйлчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэнд замын зардал, хоол, байрны зардал гээд эдийн засгийн хувьд, мөн оношилгоонд орох цаг хугацааны хувьд ч хүндрэл бэрхшээл учруулж байсны зэрэгцээ эмч нарт ч оношоо бүрэн тавих, эмчилгээний зарчимаа сонгоход ихээхэн бэрхшээл үүсгэж байсан юм.

           Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар УИХ, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, хурлын төлөөлөгчид дэмжлэг үзүүлж санаачилгатай ажилласны зэрэгцээ Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, Гал инженеринг ХХК-ны захирал Ц.Лхагвасүрэн нар дэмжиж хамтран ажилласны үр дүнд БОЭТөвд КТГ-ын оношилгоог 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс дахин хийж эхэллээ.

            Оношилгоо хийж эхэлсэн эхний өдрөөс л тархины бүрхүүл цочролын шинж бүхий зовиур шаналгаатай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 4 настай хүүхдэд тархины судасны гаж хөгжил /мальформаци/ оношлогдсон бол гэмтлийн шалтгаант өгүүлэмжтэй, гавал тархины гэмтлийн шинж тэмдэг илэрсэн 45 настай хүнд тархины бүрхүүлийн доорхи цус хуралт оношлогдож яаралтай журмаар мэс заслын хагалгааг хийснээр одоо өвчтөний биеийн байдал сайжирч байна.

КТГ-ын оношилгоо орон нутагт хийгдсэнээр төвлөрлийг сааруулах, бүсчилсэн тусламжийг хөгжүүлэх, эмнэлэгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, иргэн төвтэй төрийн үйлчилгээг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм.