“Амны хөндийн өвчлөлгүй хот”

       Хүүхэд, өсвөр үеийнхний амны хөндийн өвчлөлгүй хот болгох зорилтын хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сум буюу Чойбалсан хотын 8, 10 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлснийг гэрчлэх батламжийг 2018.08.30-ны өдөр олголоо.

           Ингэснээр Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн нийт 24 цэцэрлэгийн 6500 гаруй хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажил 2015-2018 оны хооронд хийгдэж хүүхдийн эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулалт хийгдлээ.

       Цэцэрлэгийн хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр анх санаачилж өнгөрсөн хугацаанд Хан-Уул цогцолбор сургуульд “Амны хөндийн эрүүл мэндийн кабинет” байгуулж эмчилгээний суурин болон, зөөврийн бор машинаар хангах мөн шүдний эмчилгээнд шаардлагатай эм, ариутгалын хэрэгслээр хангах зэрэгт нийтдээ 76.5 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдсэн байна.

      2018 онд Хэрлэн сумын ЗДТГ-аас шүдний 2 эмчийн цалингийн санг нэмэлтээр шийдсэнээр шүдний эмч нарыг Улаанбаатар хотоос богино хугацаагаар ирүүлэн ажиллуулж эрүүлжүүлэх үйл явц эрчимтэй, үр дүнтэй явагдах нөхцлийг бүрдүүлсэн юм.

         Зөвхөн шүд эмчлэх ажлыг хийснээр үйл ажиллагааг хязгаарлахгүй амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал, мэдлэг, хандлагыг хүүхдүүд, эцэг, эхчүүд, багш нарт зааж сургахад анхаарч АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын сургуулийн сургагч багш нар, түүнчлэн Дезерет олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2016, 2017 онуудад АНУ-аас тус бүр 2 эмч урьж ирүүлэн сургалтыг өвөрмөц хэлбэрээр явуулахын зэрэгцээ цэцэрлэгийн түвшинд хүүхэд хоол идсэний дараа шүдээ угаах нөхцөлийг бүрдүүлж шүдээ угаах дадал, хандлагыг төлөвшүүлэх зэрэг ажлыг цогцоор нь хийсэн юм.

       Ингэснээр эрүүл шүд-эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжих суурийг бүрдүүлсэн үр дүнтэй ажил боллоо гэж дүгнэж байна.

      Төрөлх Чойбалсан хотынхоо үүсэн байгуулагдсан түүхт 80 жилийн ойн босгон дээр бяцхан үрсийнхээ шүдийг эмчилж эрүүл болгох ажилд хичээн зүтгэсэн шүдний  эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.

 

БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЗАХИРГАА