Эх нярайн яаралтай тусламжийн үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтэрлээ

      Эрүүл мэндийн яам, НҮБ-ын, Хүн амын сантай хамтарч “Эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ технологийг нутагшуулах” төслийн хүрээнд төрөх, эмэгтэйчүүдийн тасагт алсын зайн оношилгооны шууд холболтын тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн зөвлөгөө өгөх нэгжтэй холбогдон туршилт хийж, ашиглалтын зөвлөгөөг өглөө.

       Ингэснээр эх нярайн яаралтай тусламжийн оношилгоо, эмчилгээний зөвлөгөөг 24 цагийн алинд ч цахимаар авах дэвшилтэт технологийг манай эмч нар ашиглаж, иргэдэд үзүүлэх тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах юм.

      Мөн энэхүү төслийн хүрээнд Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын өртөөчилсөн сургалтын танхимыг байгуулж, сургалтад ашиглагдах тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг өгч, яаралтай тусламжийн өртөөг ашиглаж ур чадвараа дээшлүүлэх сургалт зохион байгуулав.

        Сургалтад эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нийт 24 хүн хамрагдлаа. Сургалтын хэрэглэгдэхүүн, танхимтай болсоноор эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх боломж бүрдлээ.