“ Үйлчлүүлэгчээ сонсоё ” фокус бүлгийн ярилцлага зохион байгууллаа

      БОЭТ-ийн цаг товлох үйлчилгээтэй холбоотой үүсч байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ СОНСОЁ ” фокус бүлгийн ярилцлагыг 2017 оны 11 сарын 29 ны өдөр зохион байгууллаа. Уулзалт ярилцлаганд Аймгийн засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын засаг даргын орлогч О.Пүрэв-Очир, Хэрлэн сумын Иргэдийн хурлын дарга Н.Батмөнх, ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, МХГ-ын улсын байцаагч Д.Урантунгалаг, Хэрлэн сумын багийн Засаг даргын ажлын албаны төлөөлөл болон багийн иргэдийн төлөөллүүд болон БОЭТ-ийн Удирдлагын зөвлөлийн гишүүд, тасаг нэгжийн эрхлэгч, ахлах сувилагч, хөтөч сувилагч нар оролцлоо.

      Тус ярилцлагын эхэнд БОЭТ-ийн Чанарын албаны дарга Д.Ганхүрэл хүлээгдэл түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн талаар улсын хэмжээнд болон аймгийн БОЭТ-ийн хэмжээнд хийсэн судалгааны дүн, хүлээгдэл үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлийн талаар мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллээс харахад БОЭТ-ийн эмч, мэргэжилтний дутагдал, ачаалал их, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу, иргэд үйлчлүүлэгч нар шатлал алгасан үйлчлүүлдэгтэй холбоотой байна.

Аймгийн засаг даргын орлогч Ш.Ёл хэлсэн үгэндээ “Үйлчилгээ авахыг хүссэн иргэд мэдээлэл зөвлөгөө, сургалт сурталчилгааны тал дээр хомс мэдээлэлтэй байдаг учраас зөвлөгөө мэдээлэл авахын тулд шууд шат алгасан БОЭТ рүү очих тохиолдол их байна. Иймд олон нийтэд чиглэсэн зөвлөгөө мэдээллийг цахим хэлбэрээр түргэн шуурхай хүргэх, иргэдийн асуултанд шуурхай хариулж байх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ. Мөн Хэрлэн сумын багийн ажлын хэсгийн албаны төлөөлөгчидийн зүгээс тавьсан санал хүсэлт, асуултанд холбогдох эмч мэргэжилтнүүд хариулт өглөө.

Тус ярилцлагын үр дүнд

  • Энэхүү фокус бүлгийн ярилцлагыг хэрлэн сумын багуудын ажлын албадууд дээр зохион байгуулах
  • 2018 онд зарим нарийн мэргэжлийн эмч нарыг өрхийн эрүүл мэндийн төв дээр ажилуулах
  • Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч нарыг чадавхижуулах дадлага сургалтыг БОЭТ-тэй хамтран үргэлжлүүлэн зохион байгуулах
  • Зарим шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг Аймаг, хотын засаг даргын тамгын газар, Иргэдийн хурлын төлөөлөгч нартай хамтран шийдвэрлэхээр боллоо.

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА