Ахмад дайчин, санитарч Б.Гүнсэнгийн нэрэмжит шагналыг 2 дахь удаагаа гардууллаа

          “ За победу над Японией ”, “Бид ялав”, Милитарист японыг ялсаны 30 жилийн ойн медаль, БНМАУ-ын зэвсэгт хүчний 60 жил, “ Цэргийн гавьяаны одон” –т ахмад дайчин, санитарч Б.Гүнсэнгийн нэрэмжит шагнал гардуулах үйл ажиллагааг БОЭТ-ийн Захиргаа, Сувилахуйн алба, Ахмадын хороо хамтран зохион байгууллаа.
Ахмад дайчин, санитарч Б.Гүнсэн нь 1918 онд төрсөн бөгөөд Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул малчин ард ажээ. Тэрээр 1930 онд сургуульд суралцаж, улмаар эцэг эхдээ туслан мал маллаж байв.
Хорин дөрөвхөн настай залуу бүсгүй Б.Гүнсэн 1942 онд өөрийн сайн дураар цэргийн албанд мордож, Улаанбаатар хотод ирж, хүн эмнэлгийн санитарчийн мэргэжил эзэмшиж, 62 дугаартай мэргэжлийн үнэмлэх өвөртлөн эх орны зүүн хязгаар Дорнод аймгийн төвийг зорив. Их бууны 5 дугаар дивизэд хувиарлагдаж 1945 оны чөлөөлөх дайнд 5-р морьт дивизийн 13-р морьт хороонд сувилагчийн үүрэг хүлээж, Долон нуур, Жэ-хэ, Гү-вэ хот хүрч, Хятадын ард түмнийг Японы милитаризмаас чөлөөлөх ариун дайнд өөрийн амь биеэ харамгүй зориулсан ахмад дайчин байлаа.
Санитарч бүсгүй дайнд явж байхдаа олон арван дайчдыг төдийгүй олзлогдсон хоёр япон цэргийг хүртэл сувилж байснаа дурсдаг. Боолтны материалын олдоц ховор, шархны боолтыг нухаж, хумс, хуруугаараа маажиж малтан арилгаад, чанаж буцалгаад дахин хэрэглэдэг. Хэдийгээр өөрсдийн нь амийг авахаар ирсэн атаатан ч гэлээ олзны хүн ч өрөвдмөөр. Биднийг чадлаараа эмчилж, хоол хүнснээсээ илүүчлэн нэмэрлэж байсанд их баярладаг. Халдварт өвчин гарч, гурван монгол хүнийг амьдаар нь булсан нь санаа сэтгэлээс ердөө ч гардаггүй. Учир нь цус гаргаж халдвар тарахаас сэргийлсэн арга хэмжээ байв.
Бидний ээж, хүү Даваасүрэн, охин Алтанцэцэг, Гэрэлцэцэг нарын хоёр хүү, хоёр охин төрүүлж өсгөсөн ачтан. Тэрээр эцгээсээ өнчин хоцорсон биднийгээ өсгөн хүмүүжүүлэх гэж гадаа гарч эр, гэрт орж эм болж явсны зэрэгцээ 1963-1967 онд гоц халдвартын тасгийн амьтан маллагч, 1968-1669 онд дундын больницод асрагчийн ажил хийж эгэл жирийн ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч ирсэн буянтай хөдөлмөрч, шударга, энэрэнгүй нэгэн байсан юм. Төр засгаас ахмад дайчин, ээжийн минь гавьяа зүтгэлийг нь үнэлж, “ За победу над Японей ”, “Бид ялав”, Милитарист японыг ялсны ХХХ жилийн ойн медаль, БНМАУ-ын зэвсэгт хүчний 60 жил, “Цэргийн гавьяаны одон” зэргээр тус тус шагнасан байдаг гэж хүү Гансүх нь БОЭТ-ийн 90 жилийн түүхийн дурсамж номонд бичсэн байдаг.
Тус нэрэмжит шагналыг 2 жилд нэг удаа Олон улсын сувилагчдын болон эх баригчдын өдрийг тохиолдуулан олгож байгаа бөгөөд хамгийн анхны шагналыг 2016 онд БОЭТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн ахлах сувилагч Г.Нарантуяад олгосон бөгөөд энэ жилийн нэрэмжит шагналын эзнээр хавдар хөнгөвчлөх тасгийн сувилагч О.Оюунчимэг, тухайн үед хамт ажиллаж байсан ахмад сувилагч Т.Цэцэгмаа, ахмад лаборант Л.Долгор нарт гардууллаа.

БОЭТ-ИЙН СУВИЛАХУЙН АЛБА