Эмнэлгийн захирлыг томилов

      Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Алтанхуягийн Баяржаргалыг  Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар томилж, тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр албаны тамгыг, байгууллагын  гэрчилгээний хамт хүлээлцүүлэв.

         Байгууллагын тамга, гэрчилгээг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Өнөболд шинээр томилогдож байгаа эмнэлгийн захирал А.Баяржаргалд гардуулан өгч, ажлын амжилт хүсэв.

          Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан ажлыг  хамгийн олон жил гүйцэтгэсэн Д.Должин дарга шинээр томилогдсон захиралд ажлын амжилт хүсч, товч зөвлөгөө өгөв.

     Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, хуулийн дагуу Эмнэлгийн захирлыг томилж, чөлөөлөх үүрэгтэй байдаг.

         Монгол Улсын Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг 2025 оны сүүлийн өдрөөс эхлэн А.Баяржаргал эрхлэн гүйцэтгэхээр болов.

Visit Us On Facebook